Monday, February 13, 2017

Шүлгэн өчил

Хэн нэгэнд танигдах гэж мөр холбосон удаагүй ээ би.
Хэзээч билээ нэг өдрөөс хойш салахгүйл явна даа бид.
Онгод гэдэг тэр нэгэн юу байдгыг би мэдэхгүй.
Олон олон удаа би түүнийг өөрөөсөө эрээд олоогүй юм.

Бичсэн шүлгийг минь уншсан хүмүүс голож магтаж шүүмжилсэн гэлээ ч.
Бичиж суусан тэрхэн үеийнхээ мэдрэмжээ хэзээч орхиогүй.
Үүдэн хойморын дайтайхан хажуугаас холдоогүй шүлгэн цацлаа.
Өвөртөө хадгалаж сэтгэлээн хуваалцсаар.
Өдийг хүртэл ханисалаа даа чамтай.

Даруухан хэрнээ чамин болгох гэж даанчиг хичээх юм би чамайг.
Далдхан хэрнээ гүн утгаар даруулах гэхээр зүтгүүлэхийн.
Уранхан хэрнээ бонгинохон бичих гэж амихандаа би хичээх юм.
Ургуулан бодох чадвар минь аргамжаанаасаа хэтэрч явахгүй юм даа даанч.

Гэхдээ чи надад гомдоогүйг би мэднэ.
Гэнэ гэнэхэн сэтгэлийг хөглөж чи хариу өгдөг.
Үүнийг чинь би дотроо төсөөлөж.
Үргэлжлүүлэн уянгалуулаж мөр тэрлэдэг ээ.

Би чи сэтгэл гурав хоршиход.
Бэх үзэг цаас гурав эвлэдэг.
Хүслийн хязгаар зүг нисэх мэт тэрхэн үеийн мэдрэмж.
Хүмүүний амьдарлын бүхнээс намайг чөлөөлөх мэт санагддаг аа.

Сэм сэмхэнээр сэтгэл минь хөдлөхөд би чамайг эрсэн.
Сэмээрхэн бөгөөд аяаарханаар чи надад хариу өгсөн.
Үгсийн сайхныг холбож чи надад шивнихэд.
Үзэг цаас бэх гурвыг хоршуулан.
Үргэлжлүүлэн би цааш сийлсэн.

Тэрхэн мөчийн зуурдхан учрал минь.
Тэрлэсэн шүлгийн минь бадагхан мөртөд шингэн.
Тэмүүлсэн сэтгэлийн минь торгон үзүүрээс.
Тэрсэхэн хэрнээ хурданаар чи саринаж одноо.

Баяртай гэх шиг сэтгэл минь уужирч.
Бадагхан шүлгийн цацлаа дээжилж үлдэхэд.
Сэтгэлийнхээ угт хургаж үлдэсэн бодлоосоо.
Сийрүүлэн байж чамд би шүлгэн өчил өргөлөө.
 Янжинлхам мину.
                              Д. Бат-Ирээдүй. 2017.02.12

No comments:

Post a Comment