Нар үдэлсэн Монгол.
Нар үдэлсэн Монголд минь буугаад нэг саатаарай.
Найргийн дөрвөн мөрт шиг уянга садарч байдаг юм.
Намарын дунд сарын арван долоонтой тохиолд.
Найрын хойморт эгшиг түрж баясал дэвэрч байдаг юм.
Нар үдэлсэн Монголд минь буугаад нэг саатарай.
Цайдам талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Цайгаа дээжилсэн түмний минь сүсэг амилсан байдаг юм.
Цантай хоносон хүлэг уяан дээр үүрсэх тохиолд.
Талын малчины хотонд аниргүй нөмөрч байдаг юм.
Цайдам талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Хөдөө талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Хөх тэнгэртээ шувууд зэллэж нисдэг юм.
Хөр цасыг ханзалж яргуй нүдлэх тохиолд.
Хүн малын зоо тэнийж хавар айлчилаж байдаг юм.
Хөдөө талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Хуртай талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Хуурын эгшиг уянгалаж бүжиг найр цэнгэж байдаг юм.
Хурдан моридын төвөргөөнд тал нутаг донслох тохиолд.
Хултай айраг цалгилж омогшил амилаж байдаг юм.
Хуртай талын Монголд минь буугаад нэг саатаарай.
Талын Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.
Таана мангирын үнэр хамар цоргиож байдаг юм.
Ташуур тулсан эрчүүдийн наадам эхлэх тохиолд.
Тал нутгийн аниргүйг уухай эвдэж байдаг юм.
Талын Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.
Жирийн л Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.
Жилийн дөрвөн улирал нь ээлжилж байдаг юм.
Жингийн нүүдэл хараад тосож цайлан мэндэлдэг.
Жирийн нэг малчины хот таныг угтдаг юм.
Жирийн л Монгол нутагт минь буугаад нэг саатаарай.
Д. Бат-Ирээдүй.
2017.10.15нд
No comments:
Post a Comment